Өсвөр нас бол хүүхдийн бие, сэтгэл зүй, нийгмийн орчинд олон өөрчлөлт зэрэг явагддаг
онцгой үе юм. Энэ хугацаанд хүүхэд өөрийгөө таних, “би хэн бэ?” гэсэн асуултад хариу
хайх явцдаа эргэлзэх, бусадтай өөрийгөө харьцуулах, өөртөө итгэх итгэл нь буурах нь
элбэг байдаг.
Ийм үед эцэг эхийн ойлголт, хандлага, өдөр тутмын жижиг дэмжлэг нь хүүхдийн өөртөө
итгэх итгэлийг хадгалах, сэргээхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
Яагаад өсвөр насанд өөртөө итгэх итгэл буурдаг вэ?
Өсвөр насны хүүхдүүд дараах шалтгаануудын улмаас өөртөө эргэлзэх нь нэмэгддэг:
● Бие махбодын өөрчлөлт – Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор гадаад төрх
өөрчлөгдөх нь түгээмэл байдаг (батга гарах, илүүдэл үс ургах гэх мэт)
● Найз нөхдийн нөлөө – Бага насны хүүхдүүд эцэг эхээсээ хүлээн зөвшөөрөл авах
нь чухал байдаг бол өсвөр насны хүүхдүүд үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх
хүсэл нэмэгддэг
● Сошиал орчны харьцуулалт – Энэ насны хүүхдүүд интернет сүлжээнд их цагийг
зарцуулдаг нь бусдын “төгс” мэт харагдах амьдралтай өөрийгөө жишихэд хүргэдэг
● Хичээлийн дарамт – Эцэг эх, багш нарынхаа “хичээлдээ сайн байх ёстой” гэдэг
хүлээлт, шаардлагаас үүдэн стресст өртдөг
● Өөрийгөө тодорхойлох үе шат – Өсвөр нас бол өөрийгөө тодорхойлж, ирээдүйд
юу хийх вэ гэдгээ ойлгох чухал үе шат байдаг. Тиймээс өөрийн үнэ цэн, байр
сууриа олж чадахгүй үед өөртөө итгэлгүй болох тохиолдол байдаг.
Эдгээр нь хэвийн хөгжлийн нэг хэсэг боловч хүүхэд ганцаараа даван туулахад бэрх
санагдаж болдог.
Эцэг эх, асран хамгаалагч та юу хийж чадах вэ?
1. Сонсох — шууд засах гэж яарахгүй байх
Хүүхэд сэтгэлээ хуваалцаж байхад шууд зөвлөгөө өгөхөөс илүү анхааралтай сонсох нь
“би чухал хүн юм байна” гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Өсвөр насанд хүний тархи хамгийн
эмзэг, мэдрэмтгий байдаг тул ярьж байгаа зүйлс нь мэдрэмжээр дүүрэн байдаг юм шүү.
Тиймээс ярьж буй зүйлээс нь илүү ямар мэдрэмжийг хэлэх гээд байгааг нь ойлгож
сонсохыг хичээгээрэй.
Заримдаа тэдэнд шийдэл биш, өөрийг нь ойлгосон мэдрэмж хэрэгтэй байдаг.
2. Хичээл зүтгэлийг нь үнэлэх
“Чи ухаантай” гэхээс илүү
“Чи их хичээсэн байна”, “Чи бууж өгөөгүй нь сайн байна” гэж хэлэх нь илүү үр дүнтэй.
Ингэснээр хүүхэд амжилтыг зөвхөн төрөлхийн чадвараас бус, өөрийн хичээл зүтгэлтэй
холбож ойлгодог. Мөн нөгөө талаараа бүтэлгүйтэх үедээ ч бас “би муу” биш, “дараагийн
удаа сайн хичээгээд үзье” гэх итгэл нэмэгддэг.
3. Алдаа гаргахыг зөвшөөрөх
Алдаа бол бүтэлгүйтэл биш, суралцах үйл явцын нэг хэсэг гэдгийг ойлгуулах нь чухал.
Хэрэв хүүхэд алдаа гаргахаас айдаг бол тэр шинэ зүйл туршихаас зайлсхийж эхэлдэг.
Энэ үед хүүхэдтэйгээ өөрийнхөө алдаа гаргаж байсан үеийнхээ жишээг ярьж, хэрхэн
даван туулснаа хэлж болно шүү. Энэ нь хүүхдэд алдааг даван туулахад илүү хялбар
мэдрэмж төрүүлнэ.
4. Харьцуулалтыг багасгах
“Ах чинь ингэж чаддаг байсан”, “Ангид чинь тийм хүүхэд байна” гэх мэт үгс нь хүүхдийн
өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хамгийн ихээр бууруулдаг. Мөн цаашид ч өөрийнхөө
амжилтыг бусадтай харьцуулах суурийг тавьдаг. Энэ нь зөвхөн өөртөө итгэх итгэлийг
бууруулаад зогсохгүй, хүүхдийн насан туршийн аз жаргалыг үгүй хийх ч аюултай юм шүү.
Хүүхэд бүр өөрийн хурдаар хөгждөг гэдгийг санах нь чухал.
5. Бие даах боломж олгох
Өдөр тутмын жижиг шийдвэрүүдийг (хувцас сонгох, цагийн хуваарь зохицуулах гэх мэт)
өөрөөр нь гаргуулах нь “би чадна” гэсэн мэдрэмжийг бий болгодог. Бид аливаа зүйлсийн
ард гарсан үедээ өөртөө итгэх итгэлээ олж авч байдаг. Хэрэв юуг ч ганцаараа хийж
чадахгүй бол хэчнээн дэмжлэг байсан ч өөртөө итгэл суудаггүй. Тиймээс хүүхэд тань
өөртөө итгэхээс өмнө та хүүхдэдээ итгэх нь чухал юм шүү.
6. Дэмжлэгтэй, аюулгүй орчин бүрдүүлэх
Гэр бүлийн уур амьсгал хүүхдийн өөртөө итгэх итгэлийн суурь болдог. Сургуулиас авч буй
бүхий л мэдрэмж гэрт очоод асгардаг тул түүнийг нь хүлээж авах эерэг орчин нь хүүхдэд
хамгийн аюулгүй мэдрэмжийг өгч байдаг.
Аюулгүй орчин = Өөртөө итгэх итгэл.
Дараах зүйлсээс зайлсхийгээрэй
● Байнга шүүмжлэх
● Бусадтай харьцуулах
● Ерөнхий, тодорхойгүй зэмлэл (“Чи яагаад ийм юм бэ?”)
● Сэтгэл хөдлөлийг нь үгүйсгэх (“Энэ чинь юу ч биш”)
Эдгээр нь хүүхдийг дотогшоо болгох, өөртөө итгэх итгэлийг бууруулах эрсдэлтэй.
Та бүхний өнөөдрөөс хийж эхлэх боломжтой 3 жижиг алхам
1. Хүүхдээ анхааралтай СОНСОХ 10 минут гаргаарай
Хэрэв хүүхэд ярих хүсэлгүй харагдвал хүчлэх хэрэггүй. Харин тантай ярихаар өөрөө ирэх
үед нь нээлттэй хүлээж авч, сайн сонсогч байснаар дараа дараагийн удаа дахин танд
ярих итгэл төрүүлдэг юм шүү.
2. Хичээл зүтгэлийг нь нэг удаа ТОДОРХОЙ магт
Худал магтаал нь байдлыг улам дордуулдаг тул бодит үйлдлийг нь дурьдаж магтаалаа
хэлж байх нь үнэ цэнтэй байж, урам зоригийг нэмдэг.
3. Нэг жижиг шийдвэрийг нь ӨӨРӨӨР НЬ гаргуул
Жижиг зүйлс нь хүүхдийн өдөр тутмын бусад үйл ажиллагаанд саад учруулахгүй байхад
анхаараарай. Жижиг алхмууд тогтмол давтагдсанаар том өөрчлөлтийг бий болгодог юм
шүү.
Хүүхдийн дотоод дуу хоолой бол өдөр бүр таны хүүхдэдээ хэлдэг үгс байдаг.
Тиймээс хүүхэд өөртөө итгэхээс өмнө та түүнд итгэх нь өөртөө итгэх итгэлийн суурийг
тавьж байгаа явдал юм. Өөртөө итгэх итгэл нэг өдрийн дотор бүрэлддэггүй. Харин өдөр
бүрийн ойлголт, дэмжлэг, итгэлцлээс аажмаар бий болдог. Эцэг эх, асран хамгаалагч та
төгс байх шаардлагагүй. Харин хүүхдээ ойлгож, хүлээн зөвшөөрч, дэмжих орчин
бүрдүүлэх нь хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.
- Ангилал: Цаг үеийн мэдээ