Эцэг, эхээсээ хол зайд байх нь хүүхэд төдийгүй эцэг, эхчүүдийг ч сэтгэлзүйн хувьд тогтворгүй болгодог. Гэхдээ та хүүхэдтэйгээ тогтмол холбоотой байснаар хүүхдийн ганцаардсан мэдрэмжийг багасгаж, хайр, итгэл төрүүлэх боломжтой. Харин энэхүү тогтмол харилцаандаа юуг анхаарах ёстойг дараах зөвлөмжөөс уншаарай.
Хүүхэд эцэг, эхээсээ удаан хугацаанд хол байх нь дараах сэтгэлзүйн асуудлуудыг үүсгэж болзошгүй байдаг.
Хүүхдэд:
● Сэтгэл түгшүүр
Эцэг, эхийн буцаж ирэх хугацааны талаарх тодорхойгүй байдал нь архаг стрессийн гормон — кортизолыг ихэсгэдэг. Хүүхэд байнгын аюулын мэдрэмжтэй байж, хичээлдээ төвлөрч чаддаггүйгээс гадна унтахад
хүндрэлтэй болж эхэлдэг.
● Зан үйлийн өөрчлөлт
Дотоодод үүссэн асуудлууд эдгээр шинж тэмдгээр илэрдэг: Түрэмгийлэл, уур хилэн, эсвэл эсрэгээрээ хэт дуулгавартай байх. Заримдаа хоол идэхгүй болох, нойрны хэв маяг өөрчлөгдөх, хичээл сурлагын дүн буурах.
● Итгэлцлийн асуудал
"Хайрладаг хүн минь явсан" гэсэн туршлага хүүхдийн ухамсарт "хайрладаг хүмүүс яваад өгдөг" гэсэн мэдээллийг бий болгодог. Энэ нь насанд хүрсэн үедээ хамтрагч, найз нөхөдтэйгөө харилцаа тогтооход нь хүндрэл учруулдаг.
● Нийгмээс өөрийгөө тусгаарлах
Найз нөхдийнхөө гэр бүлийн харилцааг хараад "яагаад манайх тийм биш юм" гэсэн харьцуулалт хийж, өөрийнхөө гэр бүлийг ялгаатай байгаа мэт мэдэрдэг. Энэ нь нийгмийн харилцаанаас зайлсхийх, хичээлд явах хүсэлгүй болох зэрэг шинж тэмдгээр илрэх нь бий.
● Сэтгэл гутрал
Эцэг эхийн анхаарал, хайр халамж дутагдахаар хүүхдийн тархинд серотонин болон допаминий тэнцвэргүй байдал үүсдэг. Гунигтай байх, дуртай зүйлдээ сонирхолгүй болох, ирээдүйдээ итгэлгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эдгээр нь ялангуяа 7-аас дээш насны хүүхдэд илүү тод ажиглагддаг.
Эцэг, эхчүүд маань хол байгаа хүүхэдтэйгээ дараах байдлаар харилцаж тэдний сэтгэлзүйд аюулгүй, тайван мэдрэмжийг төрүүлээрэй.
1. Өдөр тутмын амьдралаа хуваалцах
Өөрийн ажилладаг газар, явдаг зам, гэр орныхоо талаар мөн өдөр болсон үйл явдлаа хүүхэдтэйгээ хуваалцаж байгаарай. Ингэснээр хүүхэд өөрийн өдөр тутамд болдог энгийн, жижиг зүйлээс эхлээд тулгарч буй асуудал,
бэрхшээлийнхээ талаар ярих итгэлтэй хүнтэй гэдгээ мэдрэхэд нь тусладаг.
2. Тогтмол байдал
Та хүүхэдтэйгээ өдөр болгон эсвэл 7 хоногийн аль өдрүүдэд, хэдэн цагт холбоо барих талаар урьдчилж тохироорой. Энэ нь хүүхдэд ойлгомжтой, аюулгүй, тодорхой байдлыг үүсгэж, тайван мэдрэмжийг өгдөг юм шүү.
3. Биет бэлэг илгээх
Энэ нь зүгээр эд бараа өгөхийн нэр биш юм. Ээж аавынх нь үнэртэй хувцас, зурсан зураг, гараар бичсэн захидал зэрэг хүүхэд барьж, үнэрлэж болох биет зүйлс сэтгэлзүйд сайнаар нөлөөлж, стресс, гуниг мэдрэх үед нь тайвшрах боломжийг олгодог.
Та бүхэн хүүхэдтэйгээ нэг удаагийн урт дуудлага хийхээс илүүтэйгээр тогтмол, олон дуудлага хийснээр тэдний сэтгэлзүйн айдас, түгшүүрийг багасгаж, аюулгүй, тайван мэдрэмжийг өгч чадна. Мөн хүүхдээ илүү нээлттэй, мэдрэмжээ хуваалцдаг болгохын тулд та өөрөө эхлээд тэдэнтэй нээлттэй харилцаж, өдөр тутмын амьдралын энгийн зүйлсээ хуваалцаж сураарай.